Monday, April 26, 2010

Сэдэв : ADSL гэж юу вэ?

Сэдэв : ADSL гэж юу вэ?
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа
ADSL гэж юу вэ? ADSL нь Asymetrical Digital Subscriber Line гэсэн үгний товчлол бөгөөд орчуулбал Хэрэглэгчийн Тэгш бус хэмт Тоон Шугам гэж болох юм. Тэгш хэмт бус гэж нэрлэгдэж байгаагийн учир нь энэ технологийн интернэтээс татах хурд болох илгээх хурд нь харилцан адилгүй байдагт оршино. ADSL технологийн зарим давуу талаас дурьдвал:
• Телефон утасны шугамаар интернэт болон энгийн яриаг зэрэг дамжуулах учраас интернэтэд холбогдсон үед ярих эсвэл факс явуулж, хүлээн авахад чөлөөтэй байдгаараа телефон шугамд суурилсан бусад интернэт үйлчилгээнээс ялгаатай.
• Энгийн дайл-ап холболттой харьцуулахад хурд өндөр
• Шинээр шугам тусгайлан татах ямар ч шаардлагагүй, учир нь телефон шугамыг ашигладаг

Зарим нэг дутагдалтай талыг нь дурьдвал:
• Энэ холболтын чанар нь телефон шугамын уртаас ихээхэн хамааралтай, та АТС-тай ойр байх тусам сайн ажиллана.
• Өгөгдлийг татах хурд өндөр боловч илгээх хурд нь бага байдаг.
• Үйлчилгээг дурын утсанд холбох боломжгүй байдаг нь хамгийн том дутагдалтай тал юм. МЦХ ХК-ийн суурин утасны сүлжээ нь хэрэглэгч бүрийг хос зэс шугамаар холбосон байдаг ба энэ зэс шугамыг ашиглан интернэтийг телефон яриа болон факст саад учруулахгүйгээр дамжуулдгаараа ADSL нь бусад интернэт үйлчилгээнээс ялгарч чаддаг. Энгийн телефон шугам нь зөвхөн яриаг дамжуулах зориулалттай давтамжаас илүү их давтамжийг дамжуулах хүчин чадалтай бөгөөд хүний яриа болон утсаар дамжуулагдаж байгаа бүх чимээ нь 0-3400Герц байх бөгөөд энэ үзүүлэлт нь хэрэглэгчийн телефон шугамын дамжуулах хүчин чадлын багахан хувийг эзэлдэг. Ашиглагдаагүй үлдсэн орон зайг интернэт дамжуулах үйлст ашиглахад болохгүй нь юу билээ. DSL технологийн үүссэн гол үндэс нь орчин үеийн телефон төхөөрөмжүүд нь энгийн аналог өгөгдлийг бус тоон өгөгдөл дамжуулах болсноороо телефон шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлсэн явдал болой.
ADSL технологийн гол дутагдалтай тал нь ADSL төхөөрөмжөөс хэрэглэгч хэр хол байгаагаас чанар нь шалтгаалдагт оршино. Шугамын урт ихсэх тутам холболтын чанар муудаж хурд буурдаг. Шугамын уртын дээд боломж нь 5460 метр байх бөгөөд энэ нь газар доогуур татагдсан зэс шугамын уртыг илэрхийлж байгаа болохоос АТС-ээс хэрэглэгчийн оршин буй зайг илэрхийлж буй хэмжээ биш гэдэг нь ойлгомжтой бизээ. ADSL технологийн хурдны дээд боломж нь 1820 метрт 8 мегабитээр татаж, 640 килобитээр илгээдэг.

Олон улсын туршлагаас үзэхэд одоогийн байдлаар 1,5 мегабитээр татаж, 64-640 килобитээр илгээх нь хамгийн тохиромжтой бөгөөд найдвартай хурд хэмээн тооцогдож байна. ADSL технологид энгийн телефон шугамыг өндөр хурдны интернэтийн шугам болгон хувиргах CAP болон DMT гэсэн хоёр үндсэн стандарт мөрдөгддөг. Сигналыг хуваах CAP (Carrierless Amplitude Phase) Стандарт нь утасны шугамын сигналыг гурван сувагт хуваах агаад шугамаар дамжигдах яриа нь 0-4КГц-ийн сувгаар, илгээх суваг нь 25-160КГц, татах суваг нь 240килогерцээс эхлэн шугамын урт болон шуугианаас хамааран харилцан адилгүй хязгаарт байх боловч хамгийн дээд хязгаар нь 1.5мегагерц байдаг. Сигналыг хуваах DMT (Discrete Multitone)
Стандарт. Энэ стандарт нь сигналыг тусдаа сувагт хуваадгаараа өмнөхтэй адил боловч татах болон илгээхэд зориулж хоёр том сувагт хуваадаггүй, харин 4КГц-ийн өргөнтэй 247 тусдаа сувагт хуваадаг. Эдгээр тусдаа сувгууд нь ADSL төхөөрөмжийн ажиллагааны үед автоматаар байнга хянагдах агаад илгээх болон хүлээн авах үйлдэлд хамгийн тохиромжтой сувгуудыг үргэлж эрж сонгож байдаг. Өөрөөр хэлбэл энэ стандарт нь нэг зэс шугамыг 4КГц-ийн өргөнтэй 247 тусдаа шугам болгон хувааж тэдгээрийн тусламжтайгаар өгөгдөл болон яриаг нэгэн зэрэг бие биедээ нөлөөлөхгүйгээр дамжуулах боломж олгодог юм. "Миком" компанийн ADSL-ийн төхөөрөмжүүд энэ стандартаар ажилладаг

No comments:

Post a Comment